Сайн машиныг хямд үнээр

Автомашины албан ёсны дилер

Утас: 8535-5445

Утас: 9909-7771

Утас: 9552-0025

© 2015 - 2017 он, Оч Моторс ХХК

..бусад

Шинэ пикап Тунландыг тэст хийв.

Пикап гэдэг машин бол өөрөө их сонин зүйл. Тонн хагасын даацтай Портер, Бонго, эсвэл дээхэн үед байдаг байсан Газель зэрэг машинууд үнэ ойролцоо ч пикапнаас илүү ихийг ачиж тээвэрлэж чадна. Гэвч пикап шиг хол явах нь юу л бол, тэр тусмаа бартаат замд. Пикап загваруудын зорилтот хэрэглэгчид болох малчид, анчид, загасчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, уул уурхай, хөдөө аж ахуй хэзээд байсан, байсаар ч байх болно. Гэвч энэ ангиллын загваруудын тоо ховор нэмэгдэж, өрсөлдөж буй машинууд ч хэвээр байсаар.

Мэдээж премиум зэрэглэлийн загваруудыг бид эс тооцно – тэр бол тэс ондоо яриа: Raptor, Tundra, Ram гээд л. Харин жинхэнэ ажлын морь болох үүрэгтэй пикапуудыг гарын хуруундаа тоолж болно. Хуруугаа дараад яваарай (ганц гар байхад болно доо): эртний танил Mitsubishi L200, үхдэггүй Toyota Hilux, Форд Ренжер (эдгээрийг Тайландад хийдэг) шинэ цэрэг Volkswagen Amarok. Эдгээрээс гадна БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим нэг загварууд бий л дээ.

Харин энэхүү жижигхэн бүлэг нөхдийн цуваанд бас нэгэн Хятад ажилсаг эр орохыг оролдож байна.

Foton Tunland
Юуны түрүүнд, бид Foton хэмээх үйлдвэрлэгчийг эртнээс мэднэ, гэхдээ хүнд даацын техник үйлдвэрлэдэг туршлагаар нь шүү дээ. Хоёрдугаарт, энэхүү шинэ суудлын загвар нь хятад пикапуудыг төсөөлөх бидний бодлыг эрс өөрчилсөн сайн машин болж чаджээ.

Foton Motor Group хэмээх компани 1996 оноос хойш том тэрэг үйлдвэрлэж буй, харин одоо энэ бол өөрийн орныхоо зах зээлд дөрөвт бичигдэх томоохон корпораци болж хувирчээ. Foton-ы үйлдвэрлэлийн үндсэн чиглэл бол хөдөө аж ахуйн техник, хүнд даацын ачааны машинууд, тэд энэ салбартаа их амжилттай ч ажиллаж байгаа. Мөн түүнээс гадна, Хятад улсад үйлдвэрлэгдэж буй олон тооны дэлхийн брэндүүдийн машинуудыг Фотонтой хамтарсан үйлдвэр дээр угсардаг. Тухайлбал, Германы Mercedes Benz-ийн тансаг суудлын тэрэг, Daimler Benz-ийн ачааны тэрэг, Hyundai-ийн суудлын тэрэг гэх мэт. Мөн хөдөлгүүр, агрегатын үйлдвэрүүд ч байна: АНУ-ын Cummins. Ингэснээрээ Foton компани хэдийнэ Хятад улсын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болж чаджээ.

Харин саяханаас уг компани өөрийн гэсэн загварыг бий болгож суудлын автомашины зах зээлд өрсөлдөх болсны илрэл бол Tunland юм.

Tunland пикапуудад 2.8 литрийн багтаамжтай, Хятад улсад үйлдвэрлэсэн Америкийн Cummins брэндийн турбодизель хөдөлгүүрийг суурилуулжээ.

Энэхүү хөдөлгүүр нь өөрийн бат бөх чанараар алдартай бөгөөд ОХУ-н ГАЗ фирмийн автомашинуудад ч мөн суурилуулагддаг байна. Гүйлт 500 мянган километр хүртэл ямар нэгэн томоохон сервис үйлчилгээ шаардахгүй бөгөөд хөдөлгүүрийн нийт ресурс (нөөц нь) 1 сая километр хэмээн үйлдвэрээс дурджээ.
Мушгих хүч сайтай хөдөлгүүрийн ачаар машиныг хоёр дугаар араагаар ч хөдөлгөхөд асуудалгүй байгаа юм. Хурд авалт ийм төрлийн машины хувьд боломжийн байна. Харин шатахуун зарцуулалт үнэхээрийн бага – дунджаар 8 литр/100 км гээд бод доо.

Их биеийн хийцийн хувьд өөрийн ангиллын гол өрсөлдөгчид болох Nissan Navara, VW Amarok, Mitsubishi L200, Toyota Hilux зэрэг загваруудаас харьцангуй том харагдах ба үүнийгээ ч дагаад салоны зай нас бие гүйцсэн таван том хүнд хангалттай байгаа юм. Харин их биеийн хамгийн чухал үзүүлэлт нь аюулгүй байдал гэж онцлох байна: Tunland загвар EuroNCAP системийн краш-тестүүдэд авч болох 5 онооноос дөрвийг авжээ. Хангалттай үзүүлэлт!

Явах анги:
Анх төсөөлөхдөө энэхүү пикап их хатуу, бага зэргийн овгор дээр “авч шидэх” байх хэмээн бодож байлаа. Ямартаа ч, асаагаад циркийн авто зогсоолын асфальтаар явахад сайхан тухтай, ямар нэгэн илүү дутуу дуу чимээ сонсогдсонгүй. Хятад машины хувьд бол энэ маш сайн хэрэг шүү. Хашаанаас гараад зам руу ороход шууд л огцом ирмэгтэй томоо гэгчийн хурд сааруулагч угтан авлаа: Монголын замд тавтай морил гэж байгаа мэт. Харин Tunland түүнийг тоосон ч үгүй, ийм нөхцөлд л зохион бүтээгдэж гарсан юм шиг. Хойноо бүхэл мосттой, нумтай машины хувьд хөндлөн донсолгоон дээр дэгдчих байх гэж бодож байсан боловч тийм зүйл ажиглагдсангүй.

Хөнгөн бартаатай шороон замаар явлаа. 2-оосоо гурав дугаар шатлал руу шилжиж гишгэлээ. Камминс хөдөлгүүрийн дуу чихэнд чимэгтэй сонсогдож байна шүү. Турбо шүгэлдээд л. Харин машины явдал таамаглаж, төсөөлж байснаас хавьгүй зөөлөн юм. Салон дотор урьдын адил дуу чимээ бага сонсдоно, харин явах анги бартаа донсолгоог залгин алга болгоно.
Ер нь бол дунд гарын жийп автомашин унаж байгаа мэт сэтгэгдэл төрлөө: явдал зөөлөн, гэхдээ хэт савалгаатай биш, жолоодлого хөнгөн, гарт эвтэйхэн, салоны тоноглол Luxury биш ч гэсэн тухтай, хангалттай уужим зайтай. Харин салоны толинд арагш харахад л ямар машин унаж байгааг сануулах юм: хар өнгийн барзгар гадаргуутай тэвш харагдана.

Шасси:
Foton Tunland-ийг харахад ямар нэгэн машинаас хуулбарласан, санаа авсан гэж хэлэхэд бэрх юм: загвар дизайн нь өөрийн гэсэн өнгө аястай, харин ерөнхий галбир... пикап машинууд ерөнхийдөө л хоорондоо төстэй шүү дээ.
Их биеийн карказ, хаалга цонх. Мэдээж урд крыло, тэвшний хэсэг нь өөрийн бүтээсэн оригинал. Ерөнхийдөө их зохистой, бүр дажгүй ч гэмээр харагдана. Италийн авто дизайны мэргэжлийн студи ажилласан болохоор тун ч дажгүй. Загвар дизайны асуудал бол хувь хүний сонирхлын л асуудал шүү дээ, энэ асуултыг нээлттэйгээр орхиё.Энэ бол ажлын машин гэдгийг дахиад сануулъя. Загвар дизайны хувьд алдаа мадаггүй л байх ёстой.

Шассийн ерөнхий бүтэц: хүчитгэсэн хөндий арал, урд тэнхлэг – үл хамаарах, хоёр хөндлөн гартай, хөндлөн тэнцүүлэгчтэй, хойд тэнхлэг – хамаарах, бүхэл мосттой, амортизатор болон нуман зөөллүүртэй. Энэ ангиллын машинуудын стандарт бүтэц л юм. Гэхдээ Tunland-ийн арал хүчитгэсэн зузаан төмрөөр хийгдсэн учир бат бөх чанараараа эцсээ хүртэл үзнэ л гэнэ шүү.Foton үйлдвэр өөрөө хүнд даацын автомашинуудыг олон жил үйлдвэрлэсэн тул тэдэнд юу л байна, рамны талаарх туршлага, нөөц байна. Тэгэхээр Tunland-ын рам бүтцэнд эргэлзэх зүйл алга.

Тэвш:
Пикап машины хувьд бол тэвшний хэсэг тусдаа нэг сэдэв болж явдаг. Түүний хэмжээ, хэлбэр галбирыг чухалд үзнэ. Tunland-ийн хувьд энэ тал дээр ямар нэгэн онц гойд зүйл байхгүй, мөн гажиг дутагдал ч алга: 1.5х1.5 м хэмжээтэй, гүнзгий нь хагас метр орчим, халтирах болон зурагдахаас сэргийлсэн хар барзгар гадаргуутай, бэхэлгээний хэдэн тооны дэгээтэй. Илүү ч юмгүй, дутуу ч юмгүй. Нэг үгээр хэлбэл эвдэрч бариад таныг зовоогоод байх эд анги үгүй гэсэн үг. Харин тэвшний гадаргуу нь маш бат бөх шинжтэй барзгар гэдгийг дахиад хэлье.

Хөдөлгүүр:
Энэ машины хамгийн сайхан зүйлийн талаар ярих гэж байгаадаа баяртай байна. Бүр сэтгэл баясч нүд сэргэж байна гээч.
Дизель. Турбо дизель. Камминс. Ингээд тайлбарлачихвал Tunland-ийн хөдөлгүүрийн асуудал ойлгомжтой болох байх. Үүнийг илтгэж урд хоёр хаалга дээр алгын чинээ хэмжээтэй Cummins 2.8 гэсэн том тэмдэг байгаа юм болов уу.

Камминс фирмийн хөдөлгүүрүүд дэлхийд чанар болон дэвшилтэт технологиудаараа нэртэй бөгөөд хүнд даацын машин механизмийн агрегатуудыг нийлүүлдэг Америкийн томоохон компани билээ. Энэ салбарт ажилладаг хүн бүр энэ нэрийг зүгээр л мэднэ. Нөгөө алдарт цэргийн Hummer жийпэнд Камминс хөдөлгүүрийг л тавьдаг, том оврын хүнд техникт мөн Камминс голчлон байдаг. Шулуухан хэлэхэд чанар, дэндүү урт хугацааны эдэлгээ, өөрт баймгүй өндөр чадал гэж ойлгогддог.

Том багтаамжтай, мушгих хүч өндөртэй, ашиглалтын хугацаа урттай, чанартай хөдөлгүүрүүд. Харин саяхнаас бага оврын 2.8 литрийн багтаамжтай хөдөлгүүрүүд үйлдвэрлэж эхэлсэн. АНУ-ын Cummins Inc. ба БНХАУ-ын Foton Motor Company нарын 50/50 хамтарсан компани Beijing Foton Cummins Engine Co. Ltd нь бүтээмж өндөртэй авсаархан дизелүүд үйлдвэрлэж эхэлсэн нь Tunland-д суурилуулагдсан Cummins ISF2.8 агрегат юм. Хөдөлгүүрүүд нь Евро 5 хүртэлх стандартуудад нийцэх чадвартай. Энэ хөдөлгүүр дэлхийд Boom болох нь ойлгомжтой. Ялангуяа ажлын машины зах зээлд.

Манай улсад албан ёсоор орж ирж байгаа хөдөлгүүр нь Евро 2 стандарттай бөгөөд хүчин чадал нь илүү өндөр байгаа юм – экологийн хатуу шаардлагад “бариулахгүй” шүү дээ. Гэхдээ энэ нь өмхий утаа хаядаг гэсэн үг биш л дээ.

Чанарын хувьд Камминс хөдөлгүүр ямар болохыг дэлхийн олон компаниуд батална. Тухайлбал, хойд хөршийн ГАЗ үйлдвэрийн шинэ Газель, Валдай загваруудад ч ISF хөдөлгүүр суурилуулагдаж эхэлсэн. Хэрэглэгчид сэтгэл хангалуун, ямар нэгэн гомдол гаргахгүй байгаа нь компанийханд ч зөв сонголт хийснийг илтгэж байгаа болов уу. Арга ч үгүй биз, 500,000 км явахад ямар нэгэн засвар шаардахгүй, зөвхөн сервис үйлчилгээг хийхэд л хангалттай гэж үйлдвэрлэгчээс хэлж байгаа юм чинь. Тэдэнд хангалттай туршлага байгаа учир баталгаатай л мэдээлэл байж таараа.

Хэрэглээний тал дээр Tunland-ийн хөдөлгүүр тийм ч дуу чимээтэй биш, гэхдээ мэдээж “дизель тачигналт” тод сонсогдоно. Салонд дуу нь тийм ч тод биш боловч бага зэргийн чичиргээ мэдрэгдэнэ. Ер нь нэг талаасаа дизелийн дуу өөрөө кайфтай зүйл шүү дээ. Дизель унадаг хүмүүст үл мэдэг чичиргээ, хаанаас ч танил сонсогдох чимээ, хаазлахад гаргаж байгаа мушгих хүч нь таалагдахаас өөр аргагүй юм.

Евро 2 стандартын хөдөлгүүр маань 165 морины хүчин чадалтай, 360 Нм мушгих хүчтэй. Салонд 5 хүн, тэвшинд 1 тонн ачаа байхад А цэгээс Б цэг рүү сайн муу ямарч замаар асуудалгүй хүргэнэ. Түүгээр ч барахгүй 2.5 тонн хүртэл жинтэй чиргүүл чирэх боломжийг олгоно. Үүнд хүч дамжуулах анги ч нэмэр болж байгаа байх. Хүч дамжуулна гэснээс..

Хүч дамжуулах анги:
Ийм төрлийн машины хүч дамжуулах ангийн бүтэц ямар байгаа гэж бодож байна уу? Мэдээж шүү дээ: бүх дугуйн хөтлөгч, хатуу залгагдах урд мост, хүндрүүлэгч. Пикапуудын классик бүтэц. Энгийн үедээ хойд дугуйн хөтлөгчтэй, шаардлага гарвал урд панель дээр 4H товчлуурыг дарж бүх дугуйг идэвхжүүлнэ, харин бүр болохгүй бол 4L товчийг дарж хүндрүүлнэ дээ. Харамсалтай нь, тэр бүхнийг идэвхжүүлж шалгах боломж олдсонгүй, гэхдээ машин зуны дугуйтай байсан тул юмыг яаж мэдэх вэ гээд 4H горимыг идэвхжүүлж үзлээ. Товчлуур дарахад хянах самбар дээр ногоон өнгийн “4H” гэсэн анхааруулга асна. Дашрамд дурдахад, хянах самбар дээр яг одоогийн болон дундаж шатахууны зарцуулалтыг харуулдаг юм билээ.(Бид энэ машинаас тийм зүйл хүлээгээгүй байсан тул сайхан сюрприз болсон)

4H горимд огцом эргэлт дээр бага зэрэг хөшүүдлэх, “дурамчхан” эргэх хандлага гарсан. Урд тэнхлэгийг салгахад ямар нэгэн зүйл ажиглагдахгүй болж байна. 210 мм клиренстэй, хүндрүүлэгчтэй, бүх дугуйн хөтлөгчтэй машины туулах чадвар чамлахааргүй л байх болов уу. Хойд хэсэг нь хэт хөнгөдөхгүй л бол...

Хурдны хайрцгийн хувьд ямар нэгэн сонголт байхгүй: 5 шатлалт механик. Тэр нь Германы Getrag фирмийнх. Borg-Warner фирмийн хуваарилах хайрцагтай. Хойд ба урд тэнхлэгүүд Америкийн DANA фирмийнх, нөгөө л Ford, Jeep, Dodge гэх мэт Америк жийпүүд энэ тэнхлэгийг сонгодог. Эдгээрийг сонсонгуут танд шавар шавхай, эгц цавчим толгод, өвлийн хунгар цас санаанд бууж байна уу? Тэхх, тэр явж чадна.

Шатлалыг солиход ямар нэгэн доголдол, хүндрэл байхгүй: маш зөөлөн, оновчтой. 1-р шатлал “дизель тохируулгын” дагуу маш богино. Энгийн үед хоёроор хөдлөхөд ямар нэгэн хүндрэлгүй юм. Авцуулах холбооны дөрөө нь харин хаа очиж ойлгомжтой юм билээ шүү: өргөн диапазонд авцуулна, гэнэт угзрахааргүй. Цөөн үгээр, Америк Герман агрегатууд хэл амаа сайн ололцжээ.

Салон:
Хаалганы бариулаас татахаас бага зэрэг эмээж байлаа: харахад хэврэгхэн биш ч гэсэн “ямар дуу гарах бол?”, “асуудал гарахгүй байгаа?” гэж бодогдоод л. Гэвч дэмий л олон юм бодож – маш эвтэйхэн, зөөлөн онгойж, гайхмаар чимээгүй хаагддаг хаалгануудтай юм байна шүү. Бүр Luxury машины хаалганы шинж ч байна. Пүг гээд битүү чимээтэй, ер нь л тун дажгүй хаагдаж байна. Бид өдөр тутам байнга мэдэрдэг асуудал тул энийг зориуд бичлээ. Хийц битүүмж муутай, нимгэхэн хаалга ямар онцгүй хаагддаг билээ дээ. Тэгвэл Tunland-ынх тун дажгүй дуугаралттай хаагдана. Өөртөө таарсан жинтэй, энэ бүхэн нь хаалганы орц материал хангалттай гэдгийг л хэлээд байгаа юм. Цаашилбал энэ асуудал нь аюулгүй байдалтай ч холбогдоно. Таны хажуунаас өөр машин мөргөлөө (эсвэл онхолдох) гэхэд хаалга ачааллыг өөр дээрээ авах чадвартай гэсэн үг. Ажлын хүнд нөхцөлд ажилладаг машинуудад энэ бүхэн ихээхэн чухал байдаг.

Жолоочийн суудалд тухлахад уужим зайтай, боломжийн загвар дизайнтай, боломжийн дажгүй хийцтэй салон угтан авлаа. Ямар нэгэн хурц үнэр байсангүй. За ажиглая: илүү дутуу зүйлгүй, олон тооны дэлгэцтэй хянах самбар, компанийн эмблем бүхий жолооны хүрд, эвтэйхэн суудлууд, гажиж хөшсөн зүйлгүй салоны деталиуд, бага зэрэг тоглоомон харагдах кондишний удирдлагууд, уртаа гэгчийн дэлгэцний голд цаг хугацааг харуулна. 2H, 4H, 4L гэсэн тус тусдаа томоо гэгчийн товчлуурууд. Бүх цонхнууд нь автомат буулгагчтай юм. Хөгжим нь дажгүй дуугарахаас гадна USB/AUX оролттой. Алив суудлаа тохируулъя.

Хянах самбарын дээд хэсэг харагдахгүй байсан учир эхлээд жолооны хүрдийг бага зэрэг дээшлүүлэхийг оролдлоо. Амжилт олсонгүй. Тохируулга нь ч бий л дээ, гол нь хамгийн дээд цэгтээ тулсан байв. Энэ ч миний биеийн өндрөөс л болж байгаа байх. За яахав суудлаа доошлуулъя, толгой таазанд тулахгүй байгаа нь харин сайхан юм.

Жолоочийн суудал өндрийн тохируулгатай, түүнээс гадна бүсэлхийн тулгуурыг тохируулж болно. Харин налуурыг хойшлуулахад багагүй хүч гаргах хэрэгтэй юм билээ – гэдэсний булчингаа хөгжүүлж дээ.
Жолооны ард суух байдал таалагдлаа: эвтэйхэн, зөөлөн суудал, тохируулгууд, ойр орчны зай.

Арын хэсэг.
Би өмнө нь пикап машинтай олон харьцаж байсан, жолоодохоос гадна арын суудалд олон сууж байсан. Тэдгээр машинууд тийм ч их таалагдаагүй: хэт дор байрлах суудал, эгц босоо налуур, давчуу орон зай. Харин Tunland-д… мэдээж жийпний арын суудалтай зүйрлэхгүй л дээ, гэхдээ надад эерэг сэтгэгдэл төрүүллээ. Хөл болон толгойн орчимд орон зай хангалттай уужим, хөндлөнгөөшөө ч гурвуулаа багтчих юм байна.

Чанар:
Мэдээжийн хэрэг, ийм угшилтай машины хувьд бидний хамгийн ихээр эргэлзэж байгаа зүйл бол чанар. Хятад машин, тэр дундаа суудлын машин гэхэд бага зэрэг эмээмээр. Түгшмээр.
Tunland-ийг анх харахад боломжийн загвар дизайнтай, яарч хийсэн тэрэг биш мэт харагдлаа. Тулж “харьцахад” ч тэр нь батлагдлаа: их биеийн деталиудын залгаа, хийц, салоны гүйцэтгэл зэрэг нь өмнө мэдэх хятад машинуудаас тэс ондоо, япон солонгос өрсөлдөгчдийнхөө хэмжээнд очиж чадсан байна шүү. Ер нь бол их няхуур, жижиг сажиг зүйлсд анхаарлаа их хандуулан бүтээсэн нь мэдрэгдэж байна.

Хөшигдөж гацах бариулууд, салж хугарч унах гоёлын эд ангиуд, “масслах” цахилгаан төхөөрөмжүүд – ямар ч тийм зүйл ажиглагдсангүй. Харин ч эсрэгээрээ, төсөөлж байснаас хангалттай дээр ажиллаж байна: гэрэл дохио, халаагч, хөгжим гээд л.

Халаагч гэснээс. Кондишны удирдлага нь бага зэрэг тиймэрхүү сэтгэгдэл төрүүллээ. Хүүхдийн тоглоомны удирдлага, эд анги мэт болхи, “инээдтэй” хийцтэй юм. Гэхдээ өөрийнхөө үүргийг асуудалгүй гүйцэтгэж байгаа нь л чухал юм даа. Кондишны системд гомдолгүй – цантсан цонхыг дор нь арилгасан, үлээж байгаа нь ч маш сайн. Хятадууд угаас Condition үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч. Ер нь ч олон төрлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг юм шүү дээ.

Дүгнэлт
Хүнд даацын ачааны машин, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлж олны хүндлэлийг хүлээсэн компани суудлын автомашин бүтээж хүчээ үзэж байгаа нь бахархмаар. Хамгийн гол нь анхны загвар нь ийм төвшинд хүрч чадсан нь гайхалтай. Өөрийн ангиллын машинуудтай чанар болон тоноглолоороо адил байгаа ч өөрийн үнэ бага, түүнээс гадна засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн зардал ч бага байх юм.

Tunland Монголд
Хятадын зах зээл автомашины хамгийн том зах зээл болчихлоо. Дэлхийн тэргүүлэх авто фирмүүд бараг бүгд хятадад хамтарсан үйлдвэрүүдээ байгуулсан. Эндээс гарах баталгаат дүгнэлт бол хятадад сайн машин бий. Хятад бол аварга том зах зээл, дэндүү том. Тэнд автомашин угсардаг дор хаяж 40-50 үйлдвэр бий. Мэдээж нилээд нь дотоод зах зээлд зориулж машин үйлдвэрлэдэг дундаж чанартай байхад эхний 10 нь магадгүй дэлхийд юугаараа ч үл дутах мундаг машинууд үйлдвэрлэдэг өндөр техник технологитой үйлдвэрүүд юм. Тэгвэл Foton нь цар хүрээ, технологийн чадвар, туршлага зэрэг олон үзүүлэлтээр эхний 3-4-р байранд лавтайяа орно. Ялангуяа хүнд машин механизм, ачааны машины үйлдвэрлэлээр хятадад байтугай дэлхийд дээгүүрт орох нь гарцаагүй.

Пикап нь Азийн орнуудад харьцангуй дэлгэрээгүй төрөл юм. Өөрөөр хэлбэл хоосон гэсэн үг. Foton фирм суудлын машины зах зээл рүү довтлохдоо энэхүү орон зайг онилжээ. Гэхдээ өөрсдийн нэр хүндээ бодсон ч тэр, сайхан зах зээлийг алдахгүй байх ирээдүйгээ ч бодсон тэр нэгмөсөн довтолж шилдэг автомашин бүтээх амаргүй даалгавар авчээ.

Пикап бол ажлын машиныг суудлын машины тав тухтай хослуулсан өвөрмөц шийдэлтэй автомашин бөгөөд Foton фирмийн хувьд маш зөв сонголт болсон. Тэд даалгавраа сайн биелүүлж мундаг шийдлүүд гаргажээ. Гол нь ажлын машинд чухлаар тавигддаг хөдөлгүүр, хурдны хайрцгийг ямар ч эргэлзээгүйгээр дэлхийд тэргүүлэгч Америкийн Cummins, Германы Getrag суурилуулжээ.

Нийтлэг асуултууд

Пикап гэж юу вэ?
Хэрвээ та Porter, Bongo авч байгаа бол бүх юм ойлгомжтой. Түүнээс тав тух хүсэлтгүй, зөвхөн эвдрэл гэмтэл, сэлбэгийн үнэ чухалд тавигдана. Түүнийг унаад эхнэр хүүхдээ суулгаад загасанд явна гэж хэн ч бодохгүй бизээ.
Харин яг энэ зорилгод пикап тохирно. Ардаа юмнуудаа шидчихээд хайрлахгүй давхих. Өглөө гараад өдөр гэхэд зорьсон газраа очсон байх чухал. Яг үүн шиг хөдөөний айлууд үхрийн махаа тэвшин дээр шидчихээд эхнэр хүүхдээ суулгаад асуудалгүй төв орох нь чухал юм. Пикап хийц нь бүрэн SUV хийцийг бодвол ачаа даац сайтай, дуу орохгүй, эдэлгээ урттай, бартаат замд ажрахгүй хагас ажлын, хагас суудлын машины хийц билээ.

Хятад машины эдэлгээ?
Монголд өмнө орж ирж байсан хятад машинуудын түүх базаахгүй байсан нь үнэн. Гэхдээ тэд бол зөвхөн хятадын дотоод зах зээлд зориулсан хямд үнэтэй, ирээдүй нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байсан юм. Харин Foton Tunland бол аль хэдийн Европ, Орос, Азийн орнууд, Саудын Арабын орнууд, Латин Америкийн орнуудад түгээгдээд эхэлсэн, анхнаасаа олон улсын зах зээлд зориулагдаж хийгдсэн юм. Бүр Өмнөд Солонгос хүртэл орно гээч. Тэр бол international бүтээгдэхүүн. Загвар дизайныг Италичууд (гал халуун), дотор салоныг Германы Jonhson Controls (герман технологи), хөдөлгүүрийг алдарт Америкийн Cummins, хурдны хайрцгийг Германы Getrag, хойд урд тэнхлэгийг Америкийн Dana фирм бүтээсэн.

Хятадад үйлдвэрлэгдсэн учраас та нэг зүйлд санаа зовохгүй байж болно. Түүний сэлбэг хэрэгсэл хямд үнэтэй, олдоц сайтай. Тийм ч амархан эвдрэхгүй л дээ, гэхдээ ажлын машиныг хамгийн хатуу гараар эдлэхэд эвдрэх тохиолдол гарлаа гэхэд асуудалгүй нийлүүлнэ. Үнийн хувьд санаанд оромгүй хямд.

Үзүүлэлтүүд
Шууд өөрийн тэвшин дээр 1500 кг ачаа ачиж болно. Энэ бол 300 кг жинтэй дундаж үхэр 5-ыг ачиж болно гэсэн үг. Хамгийн сайхан нь 5 үхрээ аччихаад уул руу өгсөж байхад Cummins америк хөдөлгүүрийн мушгих чадлын ид хавыг та тэгэхэд л үзэх болно. Дэлхийд шалгагдсан уул уурхайн хүнд техникүүдийн жижигрүүлсэн хувилбар таны машины хамар доор байгаа шүү дээ. Турбодизель учраас хүч дутна гэсэн ойлголтгүй.

Монгол дахь дилер?
Албан ёсны дилерээр "Оч Моторс" ХХК сонгогдон ажиллаж байна. Танд бүхэл бүтэн 3 жилийн баталгаа өгнө. Үнэээн, 3 жил. Монголд off-road машинд 3 жил өгдөг дистрибьютер маш ховор.
Өөрөөр хэлбэл 3 жил дотор хөдөлгүүр, хурдны хайрцаг, тэнхлэгт асуудал үүсвэл үйлдвэрээс танд үнэгүй засаж, сольж өгнө гэсэн үг. Cummins 2.8 хөдөлгүүр өөрөө 500,000 км-ын баталгаат нөөцтэй, 1 сая км-ын нормтой гэдгийг санаарай.

Хэрвээ та хүсвэл Snorkel буюу Сорох хоолой, Тэвшний бүтэн дээвэр, Ухрахын камер, Touch-той дэлгэц захиалж болно. Өнгөний хувьд 8 сонголттой байгаа.